Scroll Top
%d0%b1%d0%b0%d0%b3%d0%b0%d0%b0%d1%80%d0%b0%d0%b0-%d0%b0%d0%b2%d0%b0%d1%80%d0%b3%d1%8b%d0%bd-%d0%b0%d0%bb%d1%82%d0%b0%d0%bd-%d0%bc%d0%b5%d0%b4%d0%b0%d0%bb%d1%8c-%d1%85%d2%af%d1%80%d1%82%d0%b6%d1%8d
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

БАГААРАА АВАРГЫН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

БАГААРАА АВАРГЫН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

Баянзүрх дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг 2015 оны 3 сарын 20нд амжилттай зохион байгуулагдаж өнгөрчээ. Уг тэмцээнийг Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэс, Тамгийн Газар, Нийгмийн бодлогын хэлтсээс хамтран зохион байгуулдаг уламжлалтай аж. Энэ удаагийн тэмцээнд тус сургуулийн 26 сургуулийн 600 гаруй багш сурагчид оролцсон оюун ухаанаа уралдуулан өрсөлдсөнөөр Оюунлаг сургуулийн сурагчид үнэхээрийн одтой байж шатрын сургалтын чанар үр өгөөж дахин шат ахиж чадваржсаны илэрхийлэл болж багаараа тэргүүн байр эзэлж Дүүргийн 2016 оны шатрын аварга баг өргөмжлөл алтан медалийг хүртжээ.

Хувийн амжилтаар:

  • 2а анги Юки (эм) 3-р байр хүрэл
  • 3а анги Чинтүшиг (эр) 1-р байр алтан медаль
  • 6б анги Н.Цогзолмаа (эм) 1-р байр алтан медаль
  • 6в анги Чингүүн (эр) 1-р байр алтан медаль
  • 9а анги Зоригт (эр) 2-р байр мөнгөн медаль
  • 10а анги Т.Халиун (эм) 3-р байр хүрэл
  • 1в анги У.Цэлмэг, Ц.Цэлмэг 1г анги А.Эрхэс нар 4-6-р байр
  • 2б анги Хувьтөгөлдөр, 3а Эгшиглэн, 4а Буянзаяа, 6а Энхсаран, 7в Чинхүсэл, 10а Энхжин, 10б Сарнай, 12а Наран-Од, 11а Чинсанаа , 5б Баттүшиг нар 4-5-р байр эзэлсэн амжилтыг үзүүллээ.

Шатрын 1-р зэргийн тамирчин Мандахнар дасгалжуулагчтай, спортын мастер Чинбат ахлагчтай Оюунлагийн шатрын баг тамирчид:

  • 2014 онд Их нүүдэл тэмцээнд шагналт 4-р байр
  • 2015 онд Их нүүдэл тэмцээний 3-р байр
  • 2015 онд Нийслэлийн багийн аварга шалгаруулах тэмцээний 2-р байр
  • 2016 онд Дүүргийн шатрын аварга багаар шалгарсан амжилтыг үзүүлээд байна.

Та бүхний хичээл зүтгэл оюуны их спортод улам их амжилт гаргахыг хүсье.

Манай хүүхэд яагаад шатар сурах хэрэгтэй гэж….

Шатар тоглодог хүүхдүүд ихэвчлэн ухаалаг, аливаа асуудалд хандахдаа урьдчилан бодож байж шийдэхийг эрмэлздэг тал их ажиглагддаг. Энэ нь ч аргагүй юм хүүхдүүдийг зориудаар бодуулах, ухааруулах ойлгуулах, энийг нүүвэл манай талд ашигтай юу нөгөө талд ашигтай юу гэдгийг хэд хэдэн нүүдлийн дараагийн болох үйлийг урьдчилан тооцох гээд олон талаас нь дүгнэлт хийх зэрэг хиймэл оюун ухааны орчинд сургаж чадваржуулдгаараа онцлогтой.

Оюун бодлоо чилээх нь хүний онцгой нандин чанар ч гэлээ хүүхэд бүрийг зориудын хиймэл оюун ухааны орчинд ажиллуулж сэтгэлийн хаттай, асуудлыг тал бүрээс нь харах, үнэлж цэгнэх тийм л сургалтад зайлшгүй оруулах хэрэгтэй. Хэрэв ийм орчинг зориудаар бүрдүүлж өгөөгүй цагт хүүхдээ ухаалаг оюунлаг болооч гэж хэчнээн шаардаад ямар ахиц дэвшил гарах билээ.

Хүүхдүүд анхнаасаа шатар тоглож эхлэнгүүтээ дуртай байдаггүй яагаад гэвэл хөнгөн чанарын үзэмжийн төдий зүйлээр оролдох нь тэдэнд хялбар байдаг. Тэд чимээгүй сууж бодол оюунаа төвлөрүүлсэн шатар гэдэг тоглоом төдий л ойлгомжтой зүйл байдаггүйд л учир нь оршиж байна. Иймээс оюун ухаан бодлыг нь хөгжүүлэхийг хүүхдээ ухаалаг хүн болгож хүмүүжүүлэхийг хүсэж л байгаа бол та хүн төрөлхтний өнөө цагийн ололт шатар гэдэг эрхэм зүйлтэй учруулах л ёстой.

Шатар гэдэг бол шийдэмгий зан чанар, тэвчээр хатуужил, сэтгэлийн тэнхээ, оюун ухааны задаргаа хийх арга барил эзэмших үндсэн гүүр билээ.

6В ангийн сурагч Ч.Чингүүн

Сайн байна уу? Юуны өмнө дүүргийн аваргад амжилттай оролцож I байр эзлэсэнд баяр хүргье.

Баярлалаа.

Чингүүн маань шатрын спортоор хичээллээд хэдий хугацаа өнгөрч байна вэ? Яагаад шатрын спортыг сонгон хичээллэх болсон бэ?

Анх 1-р ангид байхдаа ангийнхаа хөвгүүдтэй шатар тоглоод тухайн үедээ бүгдэнд нь хожигдчихсон. Түүнээс хойш шатар тоглож сураад ангийнхаа хөвгүүдийг заавал хожно доо гэсэн бодолд хөтлөгдсөн/инээв/. Үүнээс хойш шатрын спортоор хичээллээд 5 жил гаруй болж байна. Энэ хугацаандаа дүүрэг, нийслэл болон олон улсын чанартай уралдаануудад оролцож чамгүй олон медаль хүртсэн.

Шатрын спортоор хичээллэснээр хувь хүний төлөвшилд ямар өөрчлөлт гардаг гэж боддог вэ? Тухайлбал Чингүүний зан төлөвийн хувьд ямар өөрчлөлт гарсан гэж дүгнэж байна вэ?

Шатар нь оюун ухааны спорт учраас тоглолтын үед маш хянамгай, анхааралтай байх хэрэгтэй. Тиймээс зөвхөн тэмцээний үед ч гэлтгүй ямар нэгэн зүйл дээр шийдвэр гаргахдаа сэтгэлийн хөдөлгөөнөөр биш бодож байж шийдвэр гаргадаг болсон. Яг л шатрын нүүдэлтэй ижилхэн дээ.

Анх ямар тэмцээнд уралдаанд оролцож байв. Шатраар хичээллээд 5 жил гаруй болж байгаа гэсэн шүү дээ. Тэгвэл гаргасан амжилтуудаасаа дурьдвал:

Анх Орос улсад зохиогдсон “Байкальский зори-2013” тэмцээнд 9 хүртэлх насны ангилалд амжилттай оролцож анхныхаа хүрэл медалийг хүртэж байсан. Анхных гэдэг утгаараа хүрэл медаль маань надад маш үнэ цэнтэй санагддаг.

Үүний дараагаар 2014 онд “Мастерт хүрэх зам” тэмцээнд 11-12 насны ангилалд хүрэл медаль

– 2014 онд “Байкальский зори-2014” тэмцээнд 10-13 насны ангилалд алтан медаль

– 2014 онд САШ тэмцээнд 5-6-р ангийн төрөлд мөнгөн медаль

– 2015 онд САШ тэмцээнд 5-6-р ангийн төрөлд алтан медаль

– 2016 онд БЗД-ийн шатрын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль тус тус хүртсэн.

Мөн нээлттэй тэмцээнүүдэд оролцож туршлага хуримтлуулсан гэж бодож байна.

Нээлттэй тэмцээн гэхээр уншигчид маань сайн мэдэхгүй байж магадгүй тодруулбал:

Аан за. Нээлттэй тэмцээн гэдэг нь нас болон шатрын зэрэг хамаардаггүй. Түүнд над шиг 12 настай хүүхэд шатрын дэд мастер, ФДЕ мастертай ч тоглож болдог гэсэн үг юм. Уг тэмцээнд оролцоод туршлагатай мастеруудтай тоглоно гэхээр маш их сандардаг юм билээ. Гэхдээ мастер гээд айх биш харин тоглож туршлага хуримтлуулах нь надад үр өгөөжтэй санагдсан.

Тэгэлгүй яахав, энэ спортоор хичээллэхэд тэсвэр тэвчээр, бэлтгэл хамгийн чухал шүү дээ. Ингээд бидэнтэй ярилцсан Чингүүндээ баярлалаа. Удахгүй болох Азийн аваргийн тэмцээн болон цаашдын хичээл сурлагад нь амжилт хүсье.

Маш их баярлалаа.

6Б ангийн сурагч Н.Цогзолмаа

Сайн байна уу? Азийн аварга шалгаруулах тэмцээнд 11-12 насны ангилалд 5-р эзлэсэнд баяр хүргье ээ.

Баярлалаа.

Цогзолмаа маань шатрын спортоор хичээллээд багахаан хугацаа өнгөрсөн гэж сонссон. 2 жил гаруйн хугацаанд маш их амжилт гаргасан байна?

Аан за баярлалаа. Миний хувьд 2014 оноос хойш өдийг хүртэл бэлтгэл сургуулилтаа хийж байна аа. Анхны тэмцээн маань 2015 онд болсон хотын аварга шалгаруулах шатрын тэмцээн байсан. Түүндээ амжилттай оролцож 11-12 насны ангилалд алтан медаль хүртсэн. Анхныхаа тэмцээнээс медаль хүртсэн болохоор маш их урам зориг орсон. Гаргасан амжилтуудаасаа дурьдвал:

– 2014 онд “Цодгор хүү” улсын уралдаанд III байр

– 2015 онд БЗД-ийн аварга шалгаруулах тэмцээнд 11-12 насны ангилалд I байр

– 2015 онд Монголд анх удаа зохиогдсон “Open-2015” шатрын тэмцээнд амжилттай оролцсон. Энэхүү тэмцээн маань бусад уралдаан тэмцээнээс маш онцлогтой бөгөөд 10 гаруй орны мастерууд насны ангилалгүйгээр оролцсон юм.

– 2016 онд улсын аварга шалгаруулах шатрын тэмцээнээс III байрыг тус тус эзлэсэн.

Энэхүү амжилтуудыг гаргахад нөлөөлсөн хүчин зүйлс юу байсан бэ?

Миний хувьд тэмцээнд орохдоо бусад тамирчдаас айж эмээлгүй, ялна гэсэн хүсэл тэмүүлэлтэй оролцдог. Мөн энэхүү спортоороо тууштай хичээллэж, интернэт орчинд мастеруудын тоглосон өргүүдийг үзэж туршлага судлаж бас бодлого боддог.

Бодлого боддог гэж байна шүү дээ. Бодлого бодох нь шатартай хэрхэн холбоо хамааралтай вэ? Мөн хичээл ярьсных манай Цогзолмаа маань ямар хичээлүүддээ түлхүү сонирхолтой бол?

Шатар маань ерөнхийдөө олон нүүдлийн цаадахыг харж, эсрэг тоглогчийн хувьд түүний стратегийг таньж мэдэн өөрийн төлөвлөгөөг боловсруулж тоглодог оюуны тоглоом билээ. Магадгүй аливаа зүйлийн нарийн учир шалтгааныг логик сэтгэлгээгээр задлаж, дүгнэлт хийдэг учраас математикийн хичээлдээ түлхүү сонирхолтой байх гэж бодож байна.

Цогзолмаатай ярилцаад суухад маш их эрч хүч, урам зоригтой хүүхэд санагдлаа. Магадгүй энэ их эрч хүч нь тэмцээнд амжилт гаргахад нөлөөлдөг болов уу гэж бодож байна. Ойрын хугацаанд төлөвлөсөн уралдаан тэмцээн бий юу?

Маш их баярлалаа. Ойрын хугацаанд төлөвлөсөн хэд хэдэн тэмцээнүүд бий. Удахгүй энэ оны 4 дүгээр сарын 5 нд Монголд анх удаа зохиогдох Азийн аварга шалгаруулах тэмцээнд орно. Мөн 4 дүгээр сарын 18нд Грекд болох сонирхогчдын ДАШ тэмцээнд оролцоно гэсэн төлөвлөгөөтэй бэлтгэл сургуулилтаа тасралгүй хийж байгаа.

Маш сонирхолтой ярилцлагыг өрнүүлсэн Цогзолмаадаа баярлалаа. Удахгүй болох ази, дэлхийн аваргийн тэмцээнүүд болон цаашдын хичээл сурлагад нь өндрөөс өндөр амжилт хүсье ээ.

Баярлалаа. Та бүхэндээ ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

6а ангийн сурагч Ган-эрдэнэ

Энэ өдрийн мэндийг хүргье. Ган-эрдэнэтэйгээ амжилт бүтээлийн маш их олз омогтой дахин уулзаж байгаадаа баяртай байна. Энэхүү амжилтын тань талаар яриагаа эхэлье гэж бодлоо.

Та бүхэндээ баярлалаа. Энэ сард зохион байгуулагдсан УАШ шатрын тэмцээнд 13-14 насны ангилалд амжилттай оролцож тэргүүн байрыг эзэлсэндээ маш их баяртай байна.

Шатрын спортоор хичээллээд чамгүй хугацааг өнгөрүүлсэн, чамгүй ч амжилтуудыг гаргасан шүү дээ. Анх хэрхэн шатар тоглож сурсан бэ?

Аав маань шатар сайн тоглодог. Анх аавыгаа хараад л шатар тоглох хүсэл эрмэлзэлтэй болсон доо. Шатраар хичээллээд 5 жил гаруй болж байна. Өөрийнхөө хувьд чамлахааргүй амжилтуудыг гаргасан гэж бодож байгаа. Гэхдээ түүндээ сэтгэл ханаад хойш суугаад байж болохгүй шүү дээ. Цаашдаа чансаагаа улам ахиулж, амжилтын буухиагаа үргэлжлүүлнэ гэж бодож байгаа.

Өөрийн амжилтуудаасаа дурьдвал:

– 2011 онд Жигжидсүрэн багшийн нэрэмжит шатрын тэмцээнээс анхны мөнгөн медалаа хүртэж байсан.

– 2014 онд УБ хотын аварга шалгаруулах шатрын тэмцээнээс мөнгөн медаль

– 2015 онд насанд хүрэгчдийн анхан шатны УАШ тэмцээнд тэргүүн байр

– 2013 онд “Бэрс гарах хүү” тэмцээнд 10 хүртэлх насны ангилалд II байр

– 2013 онд Грек улсад болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож 200 гаруй хүүхдээс 21-р байр

– 2015 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнд 11-12 насны ангилалд X байр тус тус эзлэсэн.

Хичээл сургуулийнхаа хажуугаар тэмцээн уралдаандаа бэлдэх шаардлага байдаг. Ер нь хичээлтэй үедээ бэлтгэл сургуулилтаа хэрхэн хийдэг вэ?

Аав, ээж, ангийн хамт олон, сургуулийн захиргаанаас маань маш их дэмжлэг үзүүлдэг учраас аль нэг талаа бариад хичээл сургуулиа ч юм уу аль эсвэл бэлтгэл сургуулилтаа орхигдуулаад байдаггүй. Энэ дашрамд надад урам хайрлаж, “Чи чадна” гэсэн итгэлийг төрүүлж байдаг та нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.

Ийнхүү амжилттай байхад хувь хүний буюу өөрийн тань зүгээс ямар зан чанар, төлөвшил нөлөөлсөн гэж бодож байна?

Шатар тоглоход оюун ухаан, анхаарал төвлөрөл их шаарддаг. Шатар тоглож суръя түүгээрээ амжилт гаргая гэж бодож суралцсан маань л нөлөөлсөн гэж бодож байна. Мөн чөлөөт цагаараа ихэвчлэн шатраа бариад л суучихдаг./инээв/

Бидэнтэй ярилцсан Ган-эрдэнэдээ баярлалаа. Удахгүй болох улс, дэлхийн аваргийн тэмцээнүүдэд амжилт хүсье.

Та бүхэндээ маш их баярлалаа.

 

Сэтгэгдэл үлдээх