Scroll Top
%d1%81%d1%83%d1%80%d0%b0%d0%b3%d1%87%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%bd%d1%8d%d0%b3-%d3%a9%d0%b4%d3%a9%d1%80-7
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“Сурагчийн нэг өдөр”

Дэлхийн Багш нарын баярын 29 дэх өдөр, Монголын багш нарын 57 дахь ойн баярыг тохиолдуулан “Оюунлаг” сургуулийн ахлах ангийн сурагчид “Сурагчийн нэг өдөр” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь багш шавийн барилдлагыг бататгах, багшийн мэргэжлийн нөр их хөдөлмөрийн үнэ цэнийг мэдрүүлэх зорилготой байлаа.
Энэ өдөр I-IX ангийн сурагчид маань ачит багш нартаа талархсан сэтгэлээ илэрхийлж, авьяас чадвар, хүсэл сонирхлынхоо дагуу сонгогдсон XI-XII ангийн сурагчид бага, дунд ангийн нийт 39 бүлэгт хичээл зааж, мэдлэг оюунаа харамгүй хуваалцлаа.
Сургуулийн үүдээр орж ирэхээс эхлээд бусадтай мэндлэх, хүндэтгэлтэй харьцах, анги танхимдаа агаар оруулах, сурагчдаа хүлээж авах, завсарлагааны үеэр дэг журамтай байлгах, үдийн хоолонд оруулах, анги танхимдаа тав тухтай орчинг бүрдүүлэх, дэвтэр засах, түүнчлэн сургалт хүмүүжлийн ажил тарах явцад анги удирдсан багш нар анхаарал хандуулах зэрэг багшийн ажлын нэг өдрийн сэтгэл, зүтгэл шаардсан их хөдөлмөр юм гэдгийг сурагчид өөрийн биеэр хийж үзсэн нь хамгийн онцлууштай байлаа.
Мөн СӨУЗ-өөс багш нартаа баярын мэндчилгээ дэвшүүллээ. Оюунлаг сургуулийг үүсгэн байгуулагч МУГБ Д.Батсайхан багш маань урмын үгсийг хэлж, сурах, сургах их үйлсэд амжилт хүслээ. Сургалтын албанаас багш нартаа 2023 оны загварын Redmi Buds 4 бэлэг болгон өгсөн юм.
Эрдмийн их өргөөнд энхрий бяцхан шавь нарын маань инээд хөөр бялхаж, ачит багш нарын маань талархсан сэтгэлийн үгс ундарч, ирэх жилийг тэсэн ядан хүлээсэн, эрдмийн богц дүүрэн, сэтгэлийн олз арвин, өгөөжтэй сайхан энэ өдрийн эзэд нь байсан оюунлаг сурагчдадаа эрдмийн их үйлсэд нь өрнүүн их амжилт хүсэн ерөөе.

Сэтгэгдэл үлдээх