Scroll Top
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Сурагчдад илгээх захидал

 ЭЕЛДЭГ ЗӨВ ХАРИЛЦАА АЯН – 2010-2015        

Оюунлаг сургууль
 Сурагчдад илгээх захидал

Сайн байцгаана уу?  Эрхэм хүндэт энхрий бяцхан шавь нараа

    Оюунлаг дунд сургуулиас сүүлийн 3-н жилийн хугацаанд багш, сурагч, эцэг эхчүүдийнхээ дунд “Эелдэг зөв боловсон харилцаа аян”-ыг хичээлийн жилийн туршид өрнүүлэн ажиллаж байна.

 Энэхүү уламжлалт аяны үр дүнд сургуулийн орчинд сайхан сэтгэлийн найрсаг харьцаа бүрдсэн багш сурагчдын ялдам зөөлөн ааш, талархал мэндчилгээг та бүхэн ажиглах болно. Ийм сайхан ажлыг улам төгөлдөржүүлж “Оюунлагийн бренд” болгоцгооё.

        Дандаа инээмсэглэж явдаг хүмүүсийг бид хүндэлдэг.

        Дараа дахин тааралдахад сайн байна уу гэж мэндэлмээр санагддаг

       Зөрж өнгөрөх бүрийдээ инээмсэглэдэг танихгүй тэднийг

       Зүрх сэтгэлийн угаас баярлаж талархдаг юм хүүхдүүдээ

Өдөр тутмын амьдралдаа таларх, эргэн тойрон дахь бүхий л зүйлдээ таларх, өглөөний цай бэлдээд өгсөн хэн ч байсан таларх, гудамжинд гараад зам тавьж өгсөн хүн бүрт таларх. Хөлийг чинь дөрөөнд гарыг чинь ганзаганд хүргэсэн аав, ээж, эмээ, өвөөдөө таларх. Талархал таньд хийморлог сайхан сэтгэлийн тэнхээ, баяр баяслыг дагуулж ирдэг юм шүү охид хөвгүүд минь

         Хүүхэд багачууд та бүхнийг аав ээж, ачит багш нар, хайртай дотны хүмүүс тань бусадтай чин сэтгэлээсээ мэндэлдэг, бүгдэд  талархан тусалдаг , бүхний  хайрыг татсан өгөөмөр сайхан сэтгэлтэй сайн хүн болоосой гэж үргэлж хүсдэг шүү дээ.

          Энэ мөчөөс эхлэн хүүхдүүд та  бүхэн анд найз , алдрай бяцхан дүү нар, хайртай дотны хүмүүс, багш нартайгаа инээмсэглэн мэндэлж , тэднийг хүндэтгэн талархаж , сайхан үйлдэл болгоныг нь урамшуулан дэмжиж үлгэрлэж чадвал хэсэгхэн хугацааны дараа нүүрэндээ инээмсэглэлийн оч бадраасан , эелдэг найрсаг нэгэн болж бидний амьдрал баяр хөөрөөр дүүрэн болно. Ийм сайхан эрхэм нандин бэлгийг анд найз нартаа бэлгэлцгээе сурагчидаа.

        Инээмсэглэл. Энэ бол хамгийн хэрэгтэй зүйл. Ямар ч байлаа сайхан инээмсэглэж сурах нь бусдад таатай сэтгэлийг төрүүлэхээс гадна, танд үргэлжийн амжилт , ололт ,  аз хийморийг авчирч байдгийг мэдрэх болно. Харилцааны хамгийн энгийн зүйл атлаа хамгийн агуу зүйлийн нэг нь инээмсэглэл байдаг. Зүгээр л хүмүүстэй инээмсэглээд сурчих. Тэгвэл таны өөдөөс хэл амаа билүүдсэн хүн ирсэн ч , учраа ойлголцоогүй нэгэн байсан ч таны инээмсэглэлд тайвширлыг авч өөрөөсөө ичиж санаа сэтгэл нь эерэгших болно. Үүнийг аль болох олон удаа туршиж хэвшүүлэхийг хичээгээрэй. Ингэж л инээмсэглэлээс та ихийг ухаарч ойлгох болно.

Мэндлэх, хүндлэх.  Хүнийг хүндлэнэ гэдэг нь өөрийгөө хүндэтгэхээс  эхэлнэ. Бид бусадтай мэндлэхдээ нүүрэндээ сайхан инээмсэглэл тодруулбал  цаад хүнээ гүн хүндэлсний илэрхийлэл болно. Хүүхэд багачууд бид найз нөхөд , багш нартайгаа мэндэлж , тэднийг хүндэтгэхээс гадна  эелдэг сайхнаар талархаж сурах хэрэгтэй. 

    Талархал. Хамгийн үнэтэй бэлэг бол  чин сэтгэлийн талархал юм. Талархал бол хүний соёл , боловсрол , хүмүүжлийн хэмжүүр болдог. Талархлын үгийг ёс төдий хэлэх хэрэггүй чин сэтгэлээсээ хэл.  Чин зүрхнээсээ хэлсэн талархлын ганц өгүүлбэр сэтгэлд наран саран хамт ороод ирсэн адил гийгүүлж магнайг тэнгийлгэж үрчлээг толийлгох мэт болно. Чин сэтгэлээсээ хэлээгүй талархлын  үгсийг алтан гургалдай шиг аялгуулан аялгуулан хэллээ ч алсын хаданд хашгирсан цуурай мэт сэтгэлд хоосон үлдэнэ.

Сурагчид бид бүхэн  өөрийн эелдэг сайхан харилцааг эрхэмлэн хадгалж,  бусдадаа үлгэр дуурайлал  болж явах учиртай билээ. 

 Байгалийн ухааны тэнхим

Өглөө эртлэн босож

Өндөр тэнгэрийг харж бай

Огторгуйн хурмаст уужмын хутагаа

Оюун ухаанд чинь хайрлах болно.

 Орой болгон нэгийг санаж

      Одот ертөнцийг хүндэтгэн харж бай

      Эрхэмсэг гариг үзэсгэлэнт сүлдээрээ

      Үүрд таныг хайрлах болно.

       Алтан нарыг мандах тоолонд

Алаг зүрхнээсээ доглон харж бай

Эндэгдэлгүй дэжигхийн учир шалтгаанаар

Эрдэнэт бөмбөмлөг хийх болно.

      Ухаантай хүн та хаа ч явсан

      Уулсын оргилыг хүндэтгэн харж бай

      Буурал хангайн буян хишгээр та

      Бат түвшин явах болно

Учирсан бүхнийхээ нүүр царайг

Уяхан даруухан инээмсэглэж харж бай

Өнөр өтгөн урт удаа наслахын 

Өлзий буян бүрдэх болно

   

Тэнгэр шиг бай.                        

О.Дашбалбарын шүлгээс

   

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан…
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг…
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!…

                                            

 

Сэтгэгдэл үлдээх