“НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ”-иар шалгарах болзлоо биелүүллээ.
Улаанбаатар хотын хэмжээнд улсын 102 дунд сургууль, хувийн хэвшлийн 116 дунд сургууль сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулдаг билээ. Эдгээр сургуулиудыг БСШУЯ-ны сайдын 2008 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 111 тоот тушаалын дагуу тухайн байгууллагын
- Менежментийн чиг хандлага
- Боловсролын үйлчилгээний хүртээмж
- Сургалтын чанар чансаа
- Сургалтын орчны бүрдүүлэлт гэсэн 4 бүлэг 50 үзүүлэлт нэг бүрээр нь сургууль бүр дээр очиж шалгалтуудыг авч, ажлын төлөвлөлт явц, гарцын үр дүнг дүгнэж шалгаруулалтыг явуулж дүнгээ гаргажээ.
Эдгээр сургуулиудаас Математик гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ОЮУНЛАГ бүрэн дунд сургууль маань шалгарч 2012-2013 оны хичээлийн жилийн “НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ” – иар шалгарсан сайхан мэдээг та бүхэнд сонордуулж байгаадаа баяртай байна.
Тус сургуулийн бага анги, англи хэл, биологи, математик, физикийн хичээлүүдийн амжилт чанар шалгаруулалтанд орсон сургуулиудаас өндөр байж чадсан нь манай багш сурган хүмүүжүүлэгчдийн ажлын үр дүн гэдгийг цохон тэмдэглэж байна.
Ингээд ийм амжилтанд хүрэхэд та бүхний уйгагүй хөдөлмөр, сэтгэл зүтгэлийн хүч их байсан бөгөөд энэ завшааныг ашиглан нийт багш сурган хүмүүжүүлэгч, хүүхэд багачууд, бид бүхний ажил үйлсийг сэтгэлээсээ дэмжин хамтран ажилладаг эцэг эхчүүд, байгууллага хамт олонд баярлаж талархснаа илэрхийлж байна.