Scroll Top
%d1%81%d1%83%d1%80%d0%b0%d0%b3%d1%87%d0%b4%d1%8b%d0%bd-%d1%8d%d1%80%d2%af%d2%af%d0%bb-%d0%bc%d1%8d%d0%bd%d0%b4%d0%b8%d0%b9%d0%bd-%d2%af%d0%b7%d0%bb%d1%8d%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%82%d0%b0%d0%b9
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Сурагчдын эрүүл мэндийн үзлэгийн тайлан

Оюунлаг бүрэн дунд сургуулийн сурагчдын эрүүл мэндийн үзлэгийг 2018.09.19-өөс 2018.10.02-ны хооронд хийж үнэллээ. Энэ удаад ерөнхий үзлэгээс гадна арьсны нарийн мэргэжлийн эмч нар болон нүдний нарийн мэргэжлийн эмч нартай хамтран үзлэг хийлээ. 

Нийт сурагчдын өндөр, жинг хэмжиж, БЖИ (биеийн жингийн индекс, жин өндрийн харьцаагаар үнэлэгддэг) томъёоллыг ашиглан сурагчдын бие бялдрыг үнэлэхэд сурагчдын 46% хэвийн жинтэй, 24% жин багатай, 2% туранхай, 13,4% илүүдэл жинтэй, 10,4% таргалалттай байна.

Сурагчдын зовиур, өгүүлэмж, арьс салст, ам хамрын хөндийн үзлэг, амин чухал үзүүлэлтүүдэд тулгуурлан (Шаардлагатай тохиолдолд бусад нарийн үзлэгүүдийг хийсэн.) эрүүл мэндийн үзлэгийг хийхэд үзлэгт хамрагдсан сурагчдын 53% нь харьцангуй эрүүл байлаа.

Сурагчдад зонхилон тохиолдож буй өвчлөлүүд нь шүд цоорох өвчин, гүйлсэн булчирхайн үрэвсэл байсан бөгөөд арьсны өвчнүүд, нүдний хараа муу байх нь элбэг байсан.

Арьсны эмчийн үзлэгээр нийт сурагчдын 31 хувьд арьс хуурайшил, 8 хувьд батга, 5 хувьд харшлын гаралтай өвчнүүд гэх мэт халдварт бус арьсны өвчнүүд оношлогдсон.

Нүдний эмчийн үзлэгээр сурагчдын 40 гаруй хувь нь хараа муутай байсны талаас илүү нь харааны шил зүүдэггүй байлаа. Харааны шил зүүдэг хүүхдүүдийн 28 хувьд нь өөрийн зүүдэг шил тохироогүй байлаа.

Дүгнэлт

Эрүүл мэндийн үзлэгээр сурагчдын талаас илүүд жин өндрийн зохистой харьцаа хэвийн хэмжээнээс хазайсан байна. Хүүхдүүдэд эрүүл хоол идэж, дасгал хөдөлгөөн сайн хийж, биеийн тамирын хичээлд идэвхтэй оролцох нь чухал юм. Шүдний өвчлөл бага ангиудад тохиолдол хамгийн их байгаа нь хүүхдийн хооллолт, шүдээ хэрхэн угааж арчлах талаар хангалттай сайн мэдэхгүй байгаатай холбоотой байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ шүдээ хэрхэн угааж байгаад анхаарал хандуулж байх хэрэгтэй.

Сурагчдын гуравны нэг нь хуурай арьстай байгаа бөгөөд энэ нь цаашид арьсны харшлын болон харшлын бус өвчнүүд үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болдог тул арьсанд чийгшүүлэгч тосыг сайн түрхэж байх, зовиур илэрмэгц мэргэжлийн эмнэлэгт хандах хэрэгтэй.

Нүдний эмчийн үзлэгээр нийт сурагчдын харааг шалгаж, хараа муутай бол нүдний шил зүүгээд засрах эсэх, харааны шил зүүдэг хүүхдэд шил нь таардаг эсэхийг нь шалгасан. Үзлэгээр сурагчдын 40 гаруй хувь нь хараа муутай байсан бөгөөд үзлэгийн хуудасны арын нүүрэнд нүдээ хэрхэн хамгаалах болон нүдний харааг сайжруулах дасгалуудыг зааж өгсөн байгаа. Үзлэгийн хуудсанд нүдний эмч нар хүүхэд бүрт тохирсон зөвлөгөөг тэмдэглэсэн байгаа бөгөөд зарим тэмдэглэгээний тайлбарыг хавсралтаар хүргье.

Эрүүл мэндийн үзлэг хийх үеэр нүдээ хамгаалах, нүдний харааг сайжруулах дасгалууд, эрүүл зөв хооллох, ханиад томуунаас сэргийлэх, шүдээ зөв угаах, батга өвчнөөс сэргийлэх тухай зөвлөмжүүдийг хэвлэн сурагчдад өгсөн бөгөөд эцэг эхчүүд хамт уншиж танилцахыг зөвлөж байна.

Тайлан бичсэн сургуулийн эмч: Б.Лхамдарь

Сэтгэгдэл үлдээх