Эрдмийн хишгээ харамгүй хайрласан багш нарын
Энхрий үрсээ урамшуулан дэмжсэн ээж аавуудын
Эрдэм номдоо шамдан суралцсан шавь нарын
Эгнэгт дурсах “Үсэглэлийн баяр” үнэхээр сайхан боллоо.
Аав ээжийнхээ өврөөс салаагүй шахам зургаан настнууд цэцэрлэгийн тоглоомоо санан санан сурагч болж байсан цаг саяхан мэт. Харин тэд өнөөдөр ангидаа, сургуульдаа, найзууддаа, багшдаа үнэхээр дасчээ. Энэ өдөр тэд маань уншиж, бичиж, бодож, зурж, дуулж, хөгжимдөж сурснаа аав ээж, ах эгч, эмээ өвөө, ачит багш, найзууддаа танилцууллаа. Эзэмшсэн мэдлэг, ур яадвар, хүмүүжил төлөвшлөөрөө хамт олноо манлайлж, үлгэрлэж байгаа I-V ангийн сурагчдыг “INTELLECTUAL STUDENT”-хүрэл медаль, VI-IX ангийн сурагчдыг “INTELLECTUAL STUDENT”-мөнгөн медаль, X-XII ангийн сурагчдыг “INTELLECTUAL STUDENT”-алтан медалиар шагнаж урамшуулах журам гарчээ. Анхны медаль хүртсэн бяцхан сурагчдадаа сурлагын өрнүүн их амжилт хүсье. Цаашид олон сурагч “ОЮУНЛАГ” сургуулийн нэрэмжит медалийн эзэн болохын ерөөл тавья.
Энэ арга хэмжээний хүрээнд 1-р ангийн анги удирдсан багш нар хүүхэд нэг бүрээр “Бүтээлийн үзэсгэлэн”-г гаргалаа. Эх хэлээрээ уншиж, бичиж, зурж сурсан нэгдүгээр ангийн бяцхан сурагчид маань “Миний хүү , охин үнэхээрийн их зүйл сурчээ” гэсэн урмын үгээр мялаалгаж байлаа.
Мөн зургийн багш Б.Сандуй маань өнгө будаг, зохиомжийн гайхамшгийг илэрхийлсэн 126 сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргасан нь энэ баярын бас нэгэн бахархам, дурсгалт мөч байлаа. Хүүхдийн дотоод ертөнцийг ийнхүү амилуулж, илэрхийлж буйд эцэг эх, өвөө эмээ, ах эгч баярласан талархсанаа илэрхийллээ.