Ангийнхаа найзуудыг санан гэгэлзэж, танхимынхаа уур амьсгалыг дурсан догдолсон алдрай сурагчдын цогтой инээд, ачит багш нарын халуун итгэл дунд эрдмийн алтан хонх жингэнэн цуурайтлаа.
Нээлтийн үйл ажиллагааг сургуулийн захирал, Монгол Улсын Гавьяат Багш Д.Батсайхан ёслол төгөлдөр нээж, багш сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүслээ. Өнгөрсөн жилүүдийнхээ ололтыг дурсан бахархаж, ЭЕШ-ын дундаж оноогоороо 5 жил дараалан улсын хэмжээнд тэргүүлсэн амжилтаа бататган, мөн улс болоод олон улсын хэмжээний тэмцээн уралдаанд амжилтын олз омог дүүрэн оролцсон зэрэг бахархалт мөчүүдээ алдаршуулсан нь баярын уур амьсгалыг улам бүр өнгөлсөн юм.
Мөн 6б ангийн сурагч М.Хангай, Г.Түмэн, Ч.Чингүүн нар таеквондогийн спортын төрөлд Монгол Улсын Спортын Дэд Мастер цолоор энгэрээ мялаалаа.
Энэ өдрийн онцлох мөч бол шинэ элссэн 1-р ангийн бяцхан шавь нар маань сурагчийн тангараг өргөж, эрдмийн их далайд анхлан хөл тавьсан явдал байлаа.
11а ангийн авьяаслаг сурагчдын амьд хөгжмийн хамтлаг уран эгшгээрээ баярын үйл ажиллагааг хөглөж, артист NENE ая дуугаа өргөн бидний баяр дээр нэмлээ.
Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!