НОМЫН ӨРГӨӨ ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ
Хүн төрөлхтний бий болгосон хамгийн том гайхамшиг бол өрөөлийг бялхааж оюуныг нь цэнгээж мэдлэгийн хур буулгаж, өөрөө дундардаггүй шавхагдаж үгүй болдоггүй зүйл бол НОМ билээ.
Хувь хүний мэдлэг боловсрол, харилцааны соёл ертөнцийг үзэх үзэл, шинжлэх ухааны мэдлэг зэрэг бүхий л зүйлийг номоос олж авдаг. Ийм ч учраас ном хүнийг өөрчилж, хүн дэлхий ертөнцийг өөрчлөн хувиргаж чаддаг шүү дээ.
Оюунлаг сургуулийнхаа сурагчиддаа зориулсан бусдад жишиг болохуйц “SMART” номын сангийн нээлтээ өнөөдөр хийлээ. Уг нээлтийн ажиллагаанд АНУ-ын Азийн сан “Азид зориулсан ном” хөтөлбөрийн зохицуулагч Б.Оюундэлгэр, сургуулийн гүйцэтгэх захирал Б.Уянзориг, TV-8-ын сэтгүүлч зураглаачид, Оюунлаг сургуулийн сурагчдын төлөөлөл оролцлоо.
Азид зориулсан ном хөтөлбөрөөс дунд сургуулийн математик, байгалийн ухаан, хими, физик, гэр бүлийн хүмүүжил, англи хэлний унших ном зэрэг 200 номыг, оюунлагийн сурагчид сүүлийн үеийн шинээр гарсан, салбар бүрийн 800 гаруй ном товхимлыг, багш ажиллагсдын зүгээс шинжлэх ухаан, танин мэдэхүйн олон сайхан толь бичгүүдийг сэтгэл гарган хандивлав.
Энэхүү “SMART” номын сан нь хүүхдэд зориулсан интернет цахим орчины сургалт явуулах боломжийг хангасаны зэрэгцээ, ном уншиж судлах ая тухтай орчныг бүрэн бүрдүүлж өгчээ. Бага ангийн сурагчид үдээс өмнийн цагаар хүн орчин, байгаль, нийгэм, танин мэдэхүйн хичээлүүдийг үзэхээс гадна математик, англи хэл, байгалийн ухааны мэдлэг чадвараа батжуулах, дасгалжуулах, төвшингөө тогтоолгох цахим сургалтанд оролцох асуудлыг ч давхар шийдвэрлэсэн байна. Мөн дунд, ахлах ангийн сурагчид үдээс хойшийн цагаар номын сангийн үйлчилгээ авах бүрэн боломжтой болжээ.
Өөрсдийн номын сангийнхаа фондыг арвижуулахад идэвхи санаачилгатай оролцсон нийт хүүхэд багачуудда болон багш ажиллагсаддаа баярлалаа.
Та бүхэнд номын цагаан буян хурж, мэдлэг боловсрол орж авах эрдмийн их алсын аянд тань амжилт хүсье.